Хүнсний барааны чанар шалгаж хүлээн авах тухай

  • Талхны чанарыг шалгаж хүлээн авах

Худалдаанд өдөр тутам нийлүүлэгдэж байгаа талх, талхны зүйлийн чанарыг мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар шалгаж хүлээн авна. Үүнд:

  • Талхны гадаад байдал нь нэр төрөлдөө тохирсон хэлбэр гадаргуутай байна.
  • Талхны зөөлөн хэсгийн байдал нь гүйцэт зууралт бололттой, жигд сийрэгжилттэй, наалдамхай бус, уян харимхай зүсэхэд үйрэхгүй байна. Хөх тарианы гурилын талх нь үл мэдэг чийгтэй наалдамхай, уян харимхай бус байж болно.
  • Талхны амт нь нэр төрөлдөө тохирсон чихэрлэг, тослог, үл мэдэг исгэлэндүү байж болно.
  • Талхны үнэр нь нэр төрөлдөө тохирсон шинэ талхны үнэртэй, гадны дагалдах үнэргүй байна.

  • Чихэр нарийн боовны чанарыг шалгаж хүлээн авах

Хүлээн авахдаа хайрцаг, савны бүрэн бүтэн байдал хаяглалтыг шалгана. Хайрцаг саван дээр үйлдвэрлэсэн огноо, хадгалах горим, хугацаа, цэвэр, бохир жин зэргийг заасан шошготой байна. Тооны шалгалтыг бүрэн хийсний дараа чанарын шалгалтыг хийнэ.

Чанарын дараах үзүүлэлтийг тодорхойлж, шалгаж үнэлж хүлээн авна. Үүнд:

  • Гадаад байдал гадаргууг нь
  • Хэлбэр дүрс, бие бүтцийг нь
  • Өнгийг нь
  • Амт, үнэрийг нь
  • Бохирдсон эсэхийг нь
  • Гэмтэл согог байгаа эсэхийг нь үйлдвэрлэгчийн чанарын үнэлгээ
  • Чанаргүй буюу гологдол бүтээгдэхүүнийг хүлээн авахгүй.

  • Хиамны чанарыг шалгаж хүлээн авах

Чанамал хиамны гадаад байдал нь бүрхүүл хальс нь гэмтээгүй, гадаргуу нь гөлгөр ямар нэг бохирдолгүй цайвар ягаан улаан ягаан өнгөтэй дарж үзэхэд уян хатан байна. Хиамыг хөндлөн огтлол тийш нь зүсэж үзэхэд таташ нь нягт улаан ягаан, цагаанаас ягаавтар цагаан өнгөтэй өөх нь жигд тархсан байна.

Дээд зэргийн хиам нь татшинд 6% хүртэл 2-р зэргийн хиамны татшинд 12% хүртэл бүлх, холбоос эд байж болно. Амт, үнэрийн хувьд амт оруулагч бодисын болон тухайн бүтээгдэхүүний өвөрмөц аятайхан амт, үнэртэй, гадны ямар нэг дагалдах амт, үнэргүй байна.

Чанамал хагас утлагат хиамны гадаад байдал нь бүрхүүл хальс нь гэмтээгүй бага зэрэг үрчгэр, гадаргуу нь цэвэр бөгөөд хуурай, ямар нэг бохирдолгүй, улаан хүрэн улаан ягаан өнгөтэй, дарж үзэхэд нягт байна.

Хиамыг хөндлөн огтлол тийш зүсэж үзэхэд таташ нь нягт улаан ягаанаас улаан хүрэн өнгөтэй, өөх нь цагаанаас ягаавтар цагаан өнгөтэй жигд тархсан байна.

Хагас утлагат дээд зэргийн хиамны таташны 12% хүртэлх бүлх холбоос эд байж болно. Хагас утлагат хиамны амт, үнэрийн хувьд амт үнэр оруулагч бодис болон утааны аятайхан үнэр амттай гадны ямар нэг гаж үнэр амтгүй байна.

Чанамал бүтэн утлагат хиамны гадаад байдал нь бүрхүүл хальс нь гэмтээгүй, үрчгэр, гадаргуу нь цэвэр хуурай, улаан хүрэн өнгөтэй, дарж үзэхэд нягт хатуувтар байна.

Бүтэн утлагат хиамыг хөндлөн огтлол тийш нь зүсэж үзэхэд таташ нь нягт, улаан ягаанаас улаан хүрэн өнгөтэй, өөх нь цагаанаас ягаавтар цагаан өнгийн жигд тархсан байна. Бүтэн утлагат дээд зэргийн хиамны таташны найрлагад бүлх, шөрмөс, хальс байж болохгүй. 1-р зэргийн хиамны таташны 6% хүртэл, 2-р зэргийн хиамны таташны 12% хүртэл бүлх, холбоос эд байж болно.

Хагас утлагат хиам нь хэт улаан хүрэн өнгөөр будагдаагүй байна.

  • Өндөгний чанарыг шалгаж хүлээн авах

Өндөг нь бүтэн, цэвэр, бүтэн шохойн бүрхүүлтэй, хийн зайны байдал, урт тэнхлэгийн дагуу дахь өндөр нь сувиллын 1-р зэргийн өндгөнд 4мм-ээс дээшгүй, гуанзны 1-р зэргийн өндгөнд 7мм-ээс дээшгүй, 2-р зэргийнхэд бага зэргийн хөдөлгөөнтэй, 13мм-ээс дээшгүй зайтай байна.

Өндөгний шар нь сувиллын 1-р зэргийн өндгөнд нягт тод бус үл мэдэхүйц төдий харагдана. Голлож байрласан, хөдөлгөөн багатай. Гуанзны 1-р зэргийн өндгөнд шар уураг нь нягт, мэдэгдэх төдий голлож байрласан, голоос бага зэрэг хазайсан байж болно. 2-р зэргийн өндгөнд шар уураг нь шингэрсэн тод харагдах ба төв байраа хялбархан сольдог болсон байна.

Өндөгний цагаан уураг нь сувиллын өндгөнд нягт гэрэлтэж харагдах ба гуанзны 1-р зэргийн өндгөнд нягт, 2-р зэргийн өндгөнд шингэрсэн байдалтай гэрэлтэж харагдана.

Өндөгний жин нь сувиллын 1-р зэргийнх 54 гр, 2-р зэргийнх 44 гр,
гуанзны 1-р зэргийнх 48 гр, 2-р зэргийнх 43 гр-аас доошгүй байна.

  • Архи дарсны чанарыг шалгаж хүлээн авах

  • Онцгой, дээд 1-р зэргийн спирт бүхий цагаан архи нь этилийн спиртийн өвөрмөц зөөлөн амт, үнэртэй, өвөрмөц архины амт нь тухайн архинд нэмсэн хүнсний нэмэлтийн онцлогт тохирсон амт, үнэртэй байна.
  • Цагаан архи өнгөгүй байх ба гадаад байдал тунгалаг, шингэн, тогтоосон хэмжээндээ дүүргэлттэй шошгыг зөв наасан бат бөх бөглөлттэй байна.
  • Хандмал өнгөт архи, ликёр, бальзам архи нь тухайн бүтээгдэхүүний түүхий эд, хүнсний нэмэлт бодисын үнэр амттай байна.
  • Хандмал өнгөт архи, ликёр, бальзам архи нь тухайн бүтээгдэхүүний түүхий эд, хүнсний нэмэлт бодисын үнэр амттай байна. Хандмал архи нь өнгөтэй байх бөгөөд гадаад байдал нь тунадасгүй, тогтоосон хэмжээндээ дүүргэлттэй, шошго зөв наагдсан, бат бөх бөглөлттэй, зарим төрлийн эмчилгээнд зориулсан архи, дарсыг хэрэглэх тусгай заавар, шингэлж уух жорыг шошгон дээр нь бичсэн байна.

  • Хийжүүлсэн болон хийжүүлээгүй ундаа, жүүс, хуурай ундааны чанарыг шалгаж хүлээн авах

  • Төрөл бүрийн ундаа нь хэрэглэсэн тухайн түүхий эдийн өвөрмөц амт, үнэртэй байна.
  • Ундааны хийжилт нь хийжүүлсэн ундааны бөглөөг авахад хийн бөмбөлөг ялгарч байна.
  • Ундаа, квасны нэр төрлөөс хамаарч тунгалаг ба тунгалаг бус, жимсний зөөлөн эдийн ширхэгтэй, хөрөнгөний үл мэдэх тундастай байж болно.
  • Ундаа, шүүс, хуурай ундаа нь тухайн нэр төрөлдөө тохирсон өнгөтэй байна.
  • Ундаа, шүүс, хуурай ундаа нь нэр төрлөөс хамаарч тунгалаг ба тунгалаг бус, тогтоосон хэмжээндээ дүүргэлттэй шошго нь зөв наагдсан, бат бөх бөглөөтэй байна.

  • Төмсний чанарыг шалгах

Орой ургацын төмсийг чанарын үзүүлэлтээр 1, 2 зэрэгт ялгана. Орой ургацын төмсний гадаад байдал нь бүтэн, эрүүл, хуурай, өвчин хорлогчдод гэмтээгүй, цэвэр, сортын хэлбэр дүрсийг хадгалсан байна. Эрт ургацын төмсний хальс нь бага зэрэг шалбарсан байж болох боловч хүрэнтэж зөөлрөөгүй байна. Оройн ургацын төмсний хальс нь бэхжсэн байна.

Төмсний булцууны хамгийн бүдүүн хэсгийн хөндлөн огтлолын хэмжээ нь:

  • Эрт ургацын төмсний булцууны бүдүүн хэсгийн хөндлөн огтлол 20мм
  • Оройн ургацын 1-р зэргийн төмсний хөндлөн огтлол 40 мм
  • Оройн ургацын 2-р зэргийн төмсний хөндлөн огтлол 30 мм байна.

  • Байцааны чанарыг шалгаж хүлээн авах

Байцааг чанарын үзүүлэлтээр нь 1,2-р зэрэгт ангилна. 1-р зэргийн байцааны гадаад байдал нь шинэ, бүтэн, цэвэр, гадны үнэр амтгүй, толгой нь нягтарсан байна. Байцааны өнгө нь цайвар ногоон, цагаан байх бөгөөд хамгаалалтын бүрхүүл навч нь хатаж өлсөөгүй, хөлдөж хайрагдаагүй байх ёстой. Байцааны толгой нь хагараагүй, гадна хамгаалалтын навч шалбарсан, өвчилсөн, хортноор гэмтсэн байж болохгүй.

Байцаа худалдан авагчдад худалдаалахдаа 2 давхар хамгаалалтын навчтай худалдана. Стандартын байцааны толгойн ишний урт 4 см-ээр тайрагдсан байна. 2-р зэргийн байцааны гадаад байдал нь шинэ, бүтэн, цэвэр, гадны үнэр, амтгүй байна. Толгой хагаралтгүй гадна талын 2-3 навч шалбарсан, цоорсон 1-2 навч нь хатаж, шарлаагүй , бага зэрэг өлссөн байж болно.

  • Байцааны толгойн жин эрт болцтой 1-р зэргийнх нь - 0,6кг
  • Дунд буюу орой болцтой 1-р зэргийнх нь - 1,0кг
  • Эрт болцтой 1-р зэргийн байцаанд - 0,3кг
  • Дунд буюу орой болцтой 2-р зэргийн байцаанд - 0,8кг байна.

  • Сүүний чанарыг шалгаж хүлээн авах

Доорх үзүүлэлтүүдийг хангасан сүүг худалдаанд хүлээн авч худалдана.

Гадаад байдал, бие бүтэц нь тунадасгүй нэгэн жигд шингэн, тос нь хуралдаж хөвөөгүй байна.

Сүүний үнэр, амт нь дагалдах амт, үнэргүй, халааж ариутгасан сүү бол өвөрмөц болсон амттай байна.

Сүүний өнгө нь цагаан өнгөтэй, яльгүй шаргал туяатай. Тослоггүй сүү үл яльгүй хөхөвтөр туяатай байна.

  • ГУРИЛД ЯМАР НУУЦ АГУУЛАГДДАГ ВЭ?

Эрүүл хөрсөнд ургасан арвай буудай шим тэжээл, амин дэмээр баялаг байдаг. Өөрөөр хэлбэл газар эхийн танд өгч байгаа эм болно. Гурилд кальци, фосфор, цардуул, уураг зэрэг биед хэрэгтэй олон төрлийн эрдэс бодис агуулагдаж байдаг. Өвөл, хавар турсан эсвэл хээлтэй мал, нялх төлд гурилын хальс буюу хивэг өгч тэнхрүүлдэг. Үүнтэй адил гурил бидний биед тэжээл өгдөг байна

  • ГУРИЛ ХАДГАЛАХАД Ч АНХААРАХ ЗҮЙЛ БИЙ.

Гурил худалдах, худалдан авахдаа ихэвчлэн шуудайгаар эсвэл 10-20 килограммаар нь худалдан авдаг. Энэ нь олон дахин зөөхгүй, бөөнөөр нь хямд авах зэрэг давуу талтай ч гурилын шинэ байх шалгуурыг зөрчдөг байна. Хүнсний технологчдын зөвлөснөөр гурил хадгалалт даадаг бүтээгдэхүүн боловч хуучрах тусам чанараа алдаж, тэжээллэг байдал нь буурдаг хүнс юм. Гурилыг харанхуй, сэрүүн хуурай газарт байлгах хэрэгтэй бөгөөд ингэхгүй бол чанараа алдах, чийгтэх, шавьжны хоол болох аюултай.

  • ГУРИЛЫН ТЭЖЭЭЛЭГ ЧАНАРЫГ МЭДЭХ ЭНГИЙН АРГА

Хамгийн эхэнд таны нүдэнд шууд тусах зүйл бол тухайн гурилын үйлдвэрлэгчийн нэр. “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Алейка” гэх мэтчилэн. Дараа нь та Монголд үйлдвэрлэсэн гурилан дээрээс БГ-045, 050, 055, 075,085, 115 гэсэн тэмдэглэгээг харах болно. Энэ нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арын тоо нь нэмэгдэх тусам гурилан дахь буудайн хальсны хэмжээ нэмэгддэг. Үүгээр нь гурилын чанарыг мэдэнэ. Учир нь хальсны хэмжээ их байх тусам гурилд агуулагдах шим тэжээл өндөр байдаг. Гурилын шинж чанарыг харуулж байдаг чийг, амт, үнэр, үнслэг, хүчиллэг, цавуулаг, сахарын хэмжээ зэрэг үзүүлэлтээр таньж болно.

Чийгтэй гурил бичил биетний үүр болдог.

Гурилд тодорхой хэмжээний чийг агуулагдах ёстой ч хэт чийгтэй гурил хадгалалт даах нь буурч, бичил биетэн үржих нөхцөл болдог. Чийг ихтэй гурил саван дотроо бөөгнөрч, нягтарсан байдаг. Гурилын чийгийг үзэхдээ савтай гурилд гараа дүрээд 15 секунд орчим байлгах хэрэгтэй. Ингэхэд таны гар хүйт оргиж, нойтон мэдрэгдэж байвал тэр гурилын чийигийн хэмжээ нэмэгдсэн байна гэсэн үг.

Гурилын шинэ, хуучинг хүчиллэг нь хэлнэ.

Гурил хуучрах тусам хүчиллэг нь нэмэгдэж, улмаар чанар нь муудан шавж үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Гурилын хүчиллэг зэргээсээ хамааран мөн л өөр өөр байдаг. Дээд гурилын хүчиллэг 2-3 хувьтай байдаг бол 1-р гурилынх 3-3.5, 2-р гурилынх 4-4.5, хар гурилынх 4.5-5 хувьтай байдаг.

Амт үнэрт өөрчлөлт орсон гурил чанараа хурдан алддаг.

Гурил гаднын үнэрийг амархан шингээдэг. Ямар нэг үнэр шингээсэн гурил чанараа алдаж эхэлдэг. Та өөр үнэр байгаа эсэхийг шалгахдаа шилэн аяганд хийсэн гурил дээр халуун ус хийгээд, холилгүй усыг нь асгаад үнэрлэхэд ямар нэг гаднын үнэр байдал мэдэгдэхүйц үнэртдэг.

Гурилын үнслэг их байх тусам кальцийн

хэмжээ нэмэгддэг

Үнслэг нь гурилд байх ёстой гол зүйл бөгөөд гурилын зэргээс хамааран агуулагдах хэмжээ нь өөр байдаг. Зэрэг буурах тусам үнслэгийн хэмжээ нэмэгдэх бөгөөд үнслэг хөдий чинээ их байна кальцийн хэмжээ төдий чинээ нэмэгдэж, улмаар хүний биед яс сийрэгжихээс хамгаалах хөлөө үзүүлдэг. Стандарт ёсоор бол дээд гурилд 28%, 1-р зэргийн гурилд 30%, 2-р зэргийн гурилд 25% цавуулаг агуулагдаж байдаг.

Гурилын жин, баталгаажилтийг шалгаж авах

Худалдан авч буй гурилаа шуудайтай нь хяналтын жин дээр тавьж шалгаж үзэхээс гадна шуудайны амсарт оёсон шошго нь шуудайны гаднах хаягтай таарч байгаа эсэх, үйлдвэрлэсэн, савласан он сарыг шалгаж, дээд доод амсарыг задлан дахин оёсон, нүх гарсан зэргийг хамгийн түрүүн шалгаж үзээрэй. Мөн худалдан авсан гурилын чинь өнгө зэрэг дугаартайгаа тохирч байх ёстой. Гурилын зэрэг дээшлэх тусам өнгө нь цагаан байдаг. Худалдаанд гаргаж буй бүх төрлийн гурил, будаа нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тамга тэмдэг бүхий дүгнэлттэй байх ёстой тул та тухайн гурилын бичиг баримтыг шаардаж үзэх эрхтэй.