ЗӨГИЙН БАЛНЫ ТУХАЙ

Зөгий 2 ходоодтой. Нэг нь зөгийн балд, нөгөө нь хоолонд зориулагдсан.

Зөгийн бал

Баланд ус 18-20, хуурай бодис 80-82 хувь байхаас гадна төрөл бүрийн нян устгагч бодис, витамин, цардуул, уураг, зарим төрлийн бал цацраг идэвхит бодисоос хамгаалдаг. Бал хүний биеийн ерөнхий байдал, зүрхний ажиллагааг сайжруулан, ходоодны шүүсний хүчиллэгийг хэвийн болгож, янз бүрийн шалтгаанаар үүссэн цус багадалт, бамбай булчирхайн хордлогыг эмчлэх цусны бүтцийг сайжруулан, мэдрэлийн системийн цочромтгой байдлыг багасгадаг. Мөн хүний элэгний эдийн гэмтэл, туяаны өвчинг эмчилнэ. Зөгийн балыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхдээ уусмал байдлаар уух нь илүү ашигтай.

Лав

Лаванд эфирийн тос, нүүрс ус, эрдэс бодис агуулагдана. Лавыг зөгийн сэмж хийхэд эргүүлж ашиглахаас гадна радио техник, нисэх онгоц, хими, нэхмэл, мебель зэрэг 40 гаруй үйлдвэрүүдэд ашиглаж байна. Лав гоо сайхан, үнэртэн, тос, будаг, шунх үйлдвэрлэх үнэт түүхий эд болдог.

Тоосормог

Зөгийн уурагт тэжээлийн цорын ганц эх үүсвэр нь цэцгийн тоос, юм. Зөгий цэцгийн тоосыг цуглуулж хойд хөлнийхөө сагсанд хийж үүрэндээ авч ирээд балтай хольж нухаш болгон хадгалсныг тоосормог гэнэ. Цэцгийн тоос цусны даралтыг багасгаж, цусан дахь цагаан,улаан цогцосын тоог нэмэгдүүлдэг бөгөөд ходоод гэдэсний ажиллагааг хэвийн болгож ажиллах чадварыг нэмэгдүүлнэ. Цэцгийн тоосонд хүний мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулагч аневрин гэдэг бодис бий.

Жилий

Ургамлын навч, нахиа, найлзуурын гадна талын цавуулаг бодисыг зөгий цуглуулан боловсруулж жилий болгодог. Жилийг уушигны сүрьеэ, арьсны янз бүрийн өвчин, төрөл бүрийн шарх, шүд, чих, хамар хоолойг эмчлэхэд өргөн хэрэглэж байна.

Зөгийн сүүнцэр

Зөгийн шүлсний булчирхайгаас ялгаран гардаг цайвар шар өнгийн өтгөн, уураг маягийн зүйлийг сүүнцэр гэдэг. Сүүнцэр хүний биеийн бодис солилцоог сайжруулан ядаргааг арилгадаг ба дотоод шүүрлийн булчирхай ялангуяа бэлгийн дайвар булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлнэ.

Зөгийн хор

Зөгийгөөр хатгуулах буюу ялгаж авсан хороор нь багтараа, булчингийн хэрх, цусны даралт ихсэх, судасны ханын хатуурал, бамбай булчирхайн өвчин, насны хатингар, арьсны өвчнүүдийг эмчилнэ. Хүн нас, хүйс, биеийн байдал, өвчин эсэргүүцэх чадвараасаа шалтгаалан зөгийн хорыг янз бүрээр мэдэрнэ

Зөгийн аж ахуйн талаар

Зөгийг төрөлжсөн болон туслах аж ахуйн хэлбэрээр үржүүлж хүнс, эмчилгээний ач холбогдолтой бал, лав, жилий, сүүнцэр, хор, цэцгийн тоос, тоосормог зэрэг бүтээгдэхүүн авахын зэрэгцээ хөдөө аж ахуйн таримал ургамлын тоос хүртээхэд ургац нь 40-300 хувь хүртэл дээшилж үр жимсний чанар сайжирдаг байна. Зөгийг төрөлжсөн хэлбэрээр үржүүлэх бол 100-аас дээш, туслах аж ахуйд 20 орчим бүл байвал тохиромжтой.

Зөгийн ашиг шимийг тогтвортой ашиглахын тулд бүлийг нүүрс ус, уурагт тэжээлээр сайн хангах, тохиромжтой нөхцөлд өвөлжүүлэх, хаврын хүйтрэлтээс хамгаалах, сайн чанарын эх зөгийтэй байлгах хэрэгтэй.

Зөгийн балыг хэрэглэх

Өглөө боссон даруйдаа буюу дасгал хийсний дараа стакан ус уух нь гэдсийг цэвэрлэнэ. Дараа нь зөгийн балтай бүлээн ус ууж тархи, зүрхний булчингаа амин чухал бичил элемэнтүүд болон аминдэмээр хангана. Ингэснээр зүрхний хэмнэл хэвийн болно. Хүсвэл энэ уснаасаа 2 дуслыг нүдэндээ дусааж болно. Өглөө бүр ингэж дусаахад нүдний хараа сайжирдаг. Стаканы ёроолд үлдсэн бага шиг усаар нь нүүрээ угаахад арьс тэжээл авч яваандаа жижиг торлосон үрчлээнүүд хүртэл арилж эхэлнэ. Насанд хүрсэн хүн өдөрт 5 хоолны халбага зөгийн бал хэрэглэж болно. Дасаагүй хүн ядаж 1-2 хоолны халбагыг хэрэглээд байвал залуу насыг уртасгадаг.

Зөгий хатгавал яах вэ?

Зөгий хатгасан дор тэр газраас хатгуурыг хумсаараа хусаж авна. Харин чимхэх буюу шахан авч болохгүй. Зөгий хатгасан газар халуун усанд норгож мушгисан алчуураар жигнэвэл өвдөх нь хурдан зогсоно. Зөгий хатгасан газар үүсүү/яншуй/-гийн навч, ишээр сайн арчиж, шүүсийг нь гарсан сорвинд түрхвэл хавдар хурдан харьж өвчин арилна. Бас сонгино ийм үйлчилгээтэй